АМЖИЛТ КИБЕР ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛАХААР БОЛЛОО

” SUPER СООL ” биш гэж үү😱 Мэдээж Амжилт Кибер бүрэн дунд сургуулиа төгсөөд шууд үргэлжлүүлээд Их сургуульдаа суралцах боломжийг бид бүх сурагчиддаа олгох болно👏
Бид “Амжилт Кибер” ЕБС, Энэтхэг улсын боловсролын диплом олгодог Энэтхэгийн их сургууль болон Лондонгын боловсролын жишгээр сургадаг MBA сургалтуудыг тус, тус бий болгосон байна. Ингээд харахад боловсролын олон түвшний сургалтуудыг бүрдүүлээд байгаагаас дээд сургууль л дутуу үлдсэн билээ. Тиймээс цар тахлын хэцүү үе тохиож, боловсролын салбар нэгжүүд ажиллах үгүй нь ч тодорхой бус байгаа ч энэ цаг үед дээд сургууль байгуулах зорилгоо биелүүлэхээр зэхэж байна. Боловсролын салбарт шинэ алхам хийхэд ямар бичиг баримт бүрдүүлж, хэнээс зөвшөөрөл авах нь бүрхэг байдаг ч гэлээ заавал хийнэ гээд зорин ажиллаж байна.
Манай компанийн үндсэн чиглэл нь IT болоод Animation учраас чадварлаг хүний нөөцөөр үргэлж дутагдаж байдаг. Тиймээс ажилчдаа өөрсдөө бэлтгэж сайн баг бүрдүүлэхийн тулд юун түрүүнд ийнхүү дээд сургууль байгуулах зорилго тээсэн юм.
Хоёрт, мэдээж аливаа бизнесийн байгууллага ашиг хүртэхийн төлөө ажилладаг учир тодорхой хэмжээнд хийж буй ажлаасаа үр шимийг нь хүртэх хүсэлтэй байгаа. Цэвэр ашиг харж ажиллах бус бусад их дээд сургуулиудаас шалгарч гарахуйц чанартай боловсрол олгох COOL сургуулийг байгуулах болно. Сургалтын арга барилаа лекц, семинараар торгоож, чанаргүй боловсон хүчин бэлтгэдэг “үхээнц” сургуулиас орчин, сургалт бүх зүйлээрээ давж гарах сургуулийг бүтээн байгуулна. Лекц тэмдэглэж, семинартаа суугаад унтаа явж байдаг оюутнуудын дүр төрхийг өөрчилж өөрийн бие дааж авсан прожекттой, онлайн сургалтыг бүрэн гаршуулсан хэрсүү оюутнуудыг бий болгоё гэж хүсэж байгаа.
Бид өөрсдийн компанид ажиллах хүмүүсийг зэрэг бэлтгэж байгаа гэдэг утгаараа тултал нь чанартай мэдлэг олгохоос өөр зам байхгүй билээ. Манай сургуулийг төгссөн сурагчид зөвхөн мэргэжлийн дипломоо өвөртлөөд зогсохгүй бусад Энэтхэгийн болон Лондонгийн их сургуулийн дипломыг зэрэг эзэмшээд цогц мэргэжилтэн болоод гардаг байлгахыг хүсэж байна.
Бүтээн байгуулах гэж буй Амжилт кибер их сургуульд маань суралцахаар ирсэн хүн буцаж гарахдаа Монголын хамгийн чадварлаг программист, дизайнер эсвэл маркетер болоод гарах юм.
Сургалтын төлбөрийн хувьд нэг жилийн төлбөрөө 2-3 сая гээд олигтой юм зааж сургалгүй орхилгүй олгож буй боловсролдоо нийцсэн төлбөрийг тогтоож үнэхээр сайн сурч буй хүүхдүүдээ хоёр дахь жилээс нь үнэгүй сургаж, гурав дахь жилээс нь цалинтай дадлага хийх байдлаар урамшуулж явна.
Бидний алсын хараа бол гадаадын сургуулийн төвшинд мөр зэрэгцэн очих, хүүхдүүдийн сурах хүслийн бадраасан тийм л их сургуулийг бий болгох билээ. Бид салбартаа 10 гаруй жил ажиллаж туршлага зузаалсан учир уг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд торох зүйл үгүй гэж бодож байна.

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК