АМЖИЛТТАЙ СУРАЛЦАХ АРГА БАРИЛ

Хүмүүсийн амжилттай суралцах нэг үндсэн нөхцөл бол сайн уншиж чаддаг, бусдын яриаг зөв сонсож чаддаг, юмс үзэгдлийг ажиглаж ангилаж чаддаг, ойлгосноо тэмдэглэж, сэргээн санаж чаддаг байх явдал юм. Тэгвэл дээрх чадваруудыг товч бөгөөд тодорхой авч үзье!
Унших ба сонсох чадвар
Энэ хоёр нь хоорондоо их ялгаатай. Унших чадвар нь материалыг бие дааж уншаад ойлгоход оршдог бол, сонсох чадвар нь хүний хэлж өгч байгаа зүйлийг ойлгоход агуулагдана. Үүнээс үзэхэд унших нь сонсохоос илүү бүтээлч шинжтэй. Энэ хоёр чадварын төсөөтэй тал нь гэвэл аль аль нь хүлээж авч байгаа мэдээллээ өөрийн болгон ойлгож авахад байдаг.
Анализ ба сентиз
Сурагчид дасгал, даалгаврын асуулт, гарчигыг орхиод шууд уншиж бодож хийх ажилдаа орох явдал олонтоо ажиглагддаг. Оюун ухааны анализ сентиз хийх үйл ажиллагаа гарчигнаас эхэлдэг учир ном сурах бичгийн гарчгыг уншиж бүлэг хэсгүүдийг харьцуулж үзэж байвал нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх үйлдэл төлөвшихөд их ач холбогдолтой.
Гол ба гол бус шинж
Юмс үзэгдлийг ажиглаж тэдгээрийн аль болох олон шинжийг нэрлэж дараа нь тэдгээрээс гол ба гол бус шинж юу болохыг ялгаж байх хэрэгтэй. Бид гол бус шинж бол зарим номд л байна, харин гол шинж бол номын бүх төрөлд нийтлэг байх зүйл юм гэдгийг мэдсэн байх ёстой.
Харьцуулах
Сурах хөдөлмөр дээр юс үзэгдлийг хооронд нь харьцуулж сурахад их анхаарвал зохино. Нэг төрлийн хэд хэдэн зүйлийг харьцуулж ялгаатай ба нийтлэг ерөнхий шинжийг олох. Нэг төрийн зүйлийн ялгаатай шинж нь гол бус, харин нийтлэг шинж нь ихэвчлэн гол шинж болдог.
Олон талаас харах
Аливаа үзэгдэл юмсыг олон талаас нь авч үзэх араг барил эзэмших хэрэгтэй. Юмс үзэгдлийг их олон талаас нь авч үзэж сурвал судалж байгаа материалынхаа гол зүйл, дотоод холбоо хамаарлыг олж илрүүлж чаддаг болно.
Карт, зураг, схем, диаграммтай ажиллах
Эдгээрийг зөвхөн ажиглаад орхих биш харин түүнийг ой санаандаа сайн харагдтал төсөөлж сурах хэрэгтэй. Үүнийхээ дараа төсөөлснөө санаандаа хөдөлгөх, шилжүүлэх, ихэсгэх, багасгах, эргүүлэх гэх мэт дасгалыг хийж сурах нь чухал. Төсөөлсөн зүйлийн аль нэг хэсэг өөрчлөгдөхөд бусад хэсэг яаж өөрчлөгдөхийг мэдэж ойлгох хэрэгтэй. Энэ нь хүүхдийн дүрээр сэтгэхүйн нилээд дээд шат учир лекц яриаг сайн ойлгоход их тус болдог.
Утгачлан тогтоох
Уншиж байгаа буюу сонсож байгаа материалаа утгачлан тогтоож сурах нь маш чухал. Материалыг хэсэг хэсэг болгон тогтоовол мөн товчлол хийж бүлэглэн бичвэл эргэн харж санахад их хялбар байдаг байна.
Системтэй бичих
Сурагчид бичих буюу ярих зүйлээ төлөвлөхдөө ерөнхийгөөс арай тодорхой зүйлд шилжихдээ 1,2 эсвэл – = нумерац хэрэглэж сурах хэрэгтэй.
Бие дааж сурах
Зарлал, өргөдөл, ишлэл, тэмдэглэл, реферат гэх мэт зүйлсийг хэнийч тусламжгүйгээр бие даан хийж сурсан байх шаардлагатай. Та хэрвээ эдгээрийг суралцахдаа ашигладаг бол өөрийгөө суралцах арга барилыг бүрэн эзэмшсэн байна гэж бодож болно.

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК