ЭЕШ өгөх хүүхэдтэй эцэг эхчүүдийн заавал мэдэж байх 3 зүйл

Хөл хорионы хугацаанд гэртээ хичээлээ үзэж байгаа төгсөх ангийн сурагчдад тулгамдаж буй асуудал бол яах аргагүй “ЭЕШ”. Тэгвэл аав ээжүүд хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцаж, суралцах үйл явцыг тасралтгүй дэмжин оролцох вэ? Эдэкс сургалтын төвөөс эцэг эхчүүдэд зориулсан дараах зөвлөмжийг хүргэе.
✅ Хүүхэдтэйгээ нээлттэй ярилцах
Та ЭЕШ-ын талаар хэр сайн мэдэх вэ? Зөвхөн хүүхэддээ бүгдийг даатгаад орхилгүй шалгалтын бүтэц, хугацаа, оноог хэрхэн үнэлдэг талаар мэдээлэлтэй байж ямар хичээлээр хэдэн ЭЕШ өгөх, аль сургуульд ямар мэргэжлээр элсэн суралцах талаар харилцан ярилцаарай. Өсвөр насны хүүхдүүд аливааг ойлгож хариу үйлдэл үзүүлэхдээ хурдан, ухаантай, сонирхолтой байдаг ч тэдэнд ганцхан зүйл юу юунаас илүү хэрэгтэй. Тэр бол түүнийг ойлгодог, сонсдог, юу болох юу болохгүйг ухаалгаар ярилцаж чаддаг эцэг эхтэй байх юм.
✅ Суралцах орчныг бүрдүүлэх
Хүүхэд хичээлээ давтаж байх үед бусдын яриа, дуу чимээ, хөгжим, хурц гэрэл зэрэг нь анхаарал төвлөрөхөд саад болдог. Хөл хорионы улмаас танхимд хичээллэх, номын санд суух боломжгүй тул суралцах орчныг сайтар бүрдүүлж өгч туслаарай. Мөн бухимдалтай, загнаж зандарсан, хэрүүлтэй, удаан хугацаагаар ширээний ард суухад хүүхэд тавгүй байж хичээл хийх хүсэл эрмэлзэлгүй болдог.
✅ Тэвчээртэй байх
Багадаа сайн сурдаг байсан, өндөр боловсролтой эцэг эхчүүд хүүхэддээ хэт өндөр шаардлага тавьж, их зүйл хүлээх нь элбэг. Хүүхэд хичээлээ бүрэн ойлгоогүй түүнээсээ болоод хийх дургүй, нэг л тийм залхсан байдалтай байх үед уурлаж загнах хэрэггүй. Хэрэв хүүхэд тань хичээлийн хоцрогдолтой, тест сорил дээр тааруу байвал онлайн сургалтанд хамрагдах, багшаас нэмэлт хичээл авах зэргээр хүүхдийн чадварыг ахиулах боломжийг олгоорой.

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК