Гэртээ хичээлд хамрагдаж буй хүүхдүүдийн ЭЦЭГ, ЭХЭД ӨГӨХ 5 ЗӨВЛӨГӨӨ

Хөл хорионы хугацаанд гэртээ хичээлээ үзэж байгаа хүүхэд, багачуудтайгаа аав, ээжүүд хэрхэн зөв харилцан, суралцах үйл явцыг тасралтгүй дэмжин оролцох вэ?
Энэ асуулт цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхэдтэй эцэг, эх, ах, эгч, эмээ, өвөө бүрт тулгамдаж буй байх.
Тиймээс Боловсролын Реформ Хөдөлгөөнөөс гаргасан эцэг, эхчүүдэд зориулсан дараах зөвлөмжийг хүргэж байна.
ЗӨВЛӨМЖ 1: ДААЛГАВРАА САЙН ОЙЛГОХ
Аливаа ажлын үр дүн нь зорилгоо сайн ойлгосон эсэхээс шалтгаална.
Иймд тухайн даалгаврын зорилго болох энэ хичээлээр “юуг мэддэг, чаддаг” болохыг хүүхдээр өөрөөр нь ойлгуулах нь чухал. Хүүхэд даалгавраа сайн ойлгохгүй байгаа тохиолдолд тэдний сайн мэддэг эсвэл амьдралд ойр байдаг энгийн жишээгээр тайлбарлаж ойлгуулах. Хамгийн гол нь хүүхэд өөрөө “юуг, хэрхэн хийх” тухайгаа ойлгосон байх нь богино хугацаанд үр дүнтэй даалгавраа хийхэд дөхөмтэй. Эцэг, эхчүүд өөрсдөө шууд хэлж өгөх бус хүүхэд нь өөрөө ухаж ойлгох, эргэцүүлэн, тунгаан бодож шийдлийг олох нь сурах арга барил эзэмшихэд нь хэрэгтэй.
ЗӨВЛӨМЖ 2: СУРАЛЦАХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ
Хүүхдийн анхаарал төвлөрч, сэтгэл зүйн хувьд айдасгүй, тайван байх орчинг бүрдүүлэх.
Бухимдалтай, загнаж зандарсан, хэрүүлтэй, удаан хугацаагаар ширээний ард суухад хүүхэд тавгүй байж, яваандаа даалгавар хийхэд дургүй болох магадлалтай. Хүүхэд хичээлээ давтаж байх үед бусдын яриа, дуу чимээ, хөгжим зэрэг нь анхаарал төвлөрөхөд саад болдог. “Суралцахуйн баяр баясгалантай орчин” бүрдүүлнэ гэдэг нь хүүхэд сурсан, мэдсэн, чаддаг болсон зүйлдээ сэтгэл хангалуун, сурах хүсэл эрмэлзэлтэй байхыг хэлнэ. Хүүхэд нь сурах хүсэлтэй байгаад ямар ч багш, эцэг, эх баяртай байдаг бөгөөд “хүүхэд-багш-эцэг, эх” нийлж энэ орчинг бий болгоно.
ЗӨВЛӨМЖ 3: ХАМТРАН СУРАЛЦАГЧ БАЙХ
Та хүүхэдтэйгээ цахим хичээлээ хамт үзээрэй.
Ингэхдээ бүхнийг мэддэг, чаддаг “супермэн” биш, асуудлын шийдлийг хайдаг “хамтрагч”, гэр бүлийн бусад гишүүд оролцвол “багийн гишүүн” байх нь чухал. Зарим тохиолдолд та өөрөө “үл мэдэгч”-ийн дүрд тоглож, хүүхдийнхээ сайн чаддаг, мэддэг зүйлийг заалгаж, тэднийг багшийн дүрд тоглуулах нь тэдэнд урам өгч, цааш суралцах хүслийг дэмжинэ.
ЗӨВЛӨМЖ 4: ТЭВЧЭЭРТЭЙ БАЙХ
Хүүхдээ яаруулж, шахахгүй байх, тэдэнд өөрсдөө бодох, хийх, ойлгох хугацаа өгөх.
Таны тайлбарласан, хэлсэн үгийг хүүхэд ойлгохгүй байж магадгүй. Энэ үед уурлаж, хүүхдээ загнах хэрэггүй. Хүүхдээ дахин нэг бодох оролдлого хийлгэх боломж олгох, эсвэл өөрийн тайлбарласан жишээ, үг хэллэгийг ойлгомжтой, энгийн болгох тал дээр өөртөө дүгнэлт хийгээрэй. Хүүхдийнхээ ертөнцөд орж тэдний хэлдэг үг, хийдэг үйлдэл, мөрөөдөл, бухимдал дунд нь хамт байхад танаас багагүй тэвчээр шаардана.
ЗӨВЛӨМЖ 5: ЦАГ ТӨЛӨВЛӨЛТ
Даалгавар хийхэд тодорхой цаг зарцуулах хэрэгтэй болно. Тийм болохоор хүүхэдтэйгээ ажиллах цагаа зөв төлөвлөөрэй.
Та өдрийн цагаар ажилтай бол хүүхдээ өдрийн цагаар юу хийхийг нь харилцан тохиролцож, орой юуг хэрхэн хийхээ тодорхой, ойлгомжтой болгох хэрэгтэй. “Цаг төлөвлөлт” гэдгийн цаана “хэн, юуг, хэзээ, хаана хэрхэн хийх” тухай маш тодорхой, ойлгомжтой төлөвлөсөн байх нь цагийг үр дүнтэй ашиглахад чухал. Хэрэв та хүүхэдтэйгээ хамт юу хийхээ сайн төлөвлөсөн бол 30 минут ч таны хүүхдийн боловсролд үнэ цэнэтэй байж болно.

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК