ИЛ ЗАХИДАЛ

Амжилт гэдэг олон хүчин зүйлээс хамаардаг. Хэдий хэр хугацаанд гаргах уу, Хэр том амжилт гаргах уу, Хэрхэн яаж АМЖИЛТ гаргах уу гэх мэт олон асуултанд хариулах шаардлагатай болдог.
Хүн амжилтанд хүрч агуу зүйлийг бүтээе, ирээдүйдээ сайн сайхан амьдаръя гэвэл маш сайн мэдлэг чадвар, хичээнгүй шаргуу дадал зуршил, чанартай боловсролоор өөрийгөө хөгжүүлэх болон суралцах чадвартай байх хэрэгтэй. Хэзээ ч аргалаад ч юм уу залиар амжилтыг бүтээнэ гэж байхгүй.
Эсвэл төрөхөөсөө л төрөлхийн мэдлэг чадвар, боловсролтой, хичээнгүй шаргуу, сахилга баттай болно гэж байхгүй. Мэдлэг чадвар, боловсролыг багаасаа сахилга баттайгаар хичээнгүйлэн суралцаж байж өөртөө бий болгож чаддаг. Шууд л 1 өдөр, 7 хоног, 1 сарын хугацаанд шаргуу хичээгээд амжилтанд хүрнэ эсвэл онц сурна гэж үгүй. Тэгэх ч боломжгүй. Тийм боломж байдаг байсан бол хүн болгон л амжилтанд хүрнэ. Маш их зүтгэлийн ард маш их хичээсний үр дүнд амжилтанд хүрэх боломжтой болдог. Зүгээр л залхуурч сууж байгаад эсвэл нэгэн хэвийн бусдаас илүү хичээхгүй урсгалаараа яван амжилтанд хүрчихдэг бол дэлхий дээрх 7 тэрбум хүн бүгд л амжилтанд хүрчих байсан. Өрсөлдөгч нараасаа илүү эрт босч, илүү цагийг уншиж, сэтгэн бодоход зарцуулснаар өндөр мэдлэг боловсролтой болж амжилтанд хүрэх боломжийг олж авдаг. Маш цөөхөн хүн амжилтанд хүрдэг. Чи тэдний нэг нь болох эсэх чинь 100% өөрөөс чинь хамаарна.
Өндөр мэдлэг боловсролтой болохын тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй
1. Зөв зүйлээ суралцаж байгаа эсэхэд анхаарах . Жишээ нь: Мэдээллийн технологи болон програм хангамжийн мэдлэг ч юм уу.
2. Зөв хөтөлбөрөөр суралцах гэж байгаа эсэхээ анхаарах нь зүйтэй. Эзэмших гэж байгаа мэдлэг нь системтэй, логик дэс дараалалтай байхаас гадна хувь хүний чадамжийг хөгжүүлсэн хөтөлбөртэйгээр суралцах нь чухал.
3. Зааж буй багш, дасгалжуулагч нь чадварлаг, заах арга барил нь зөв эсэхийг анхаарах.
Муу сурагч гэж байдаггүй муу багш л гэж байдаг гэдэг.
4. Суралцах орчиндоо анхаарах.
5. Хамгийн чухал нь өөрөө өөрийгөө хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.
Аливаа зүйлийг сурах, хийж бүтээн амжилтанд хүрэхийн тулд маш их цагийг олон давтамжтайгаар суралцах ёстой. Спорт, боловсрол, шинжлэх ухаан, бизнес гээд бүх салбарт энэ дүрэм үйлчилдэг. Богинохон хугацаанд гол нууцыг нь мэдэж аван, түүнийгээ хэрэгжүүлээд, том амжилтанд хүрнэ гэж байхгүй. Бүх жижиг хэсгүүдийг нь хичээнгүйлэн суралцаж байж амжилтанд хүрдэг.
Нэг ийм түүх байдаг.
“Нэгэн хаантан” математикч дээр очин ийнхүү асууж гэнэ.
Хаан: Математикыг сурах Амархан, хялбар аргыг заагаад өгөөч? гэв
Математикч: За би энэ талаар сайн бодоод маргааш танд хариу хэлье гэв.
Хаан: Маш хялбархан арга зааж өгвөл “Чамайг шагнана”. Харин хэцүү арга зааж өгвөл ” Чиний толгойг авна” гэв.
Математикч : “ХААНТАН” уучлаарай. Математикыг сурах хаантан таньд зориулсан буюу хялбар арга гэж байхгүй!!!! Өөрөөр хэлбэл “Хааны арга зам гэж алга” “Хатуу бэрх арга зам” гэж байна. Хаан түүнийг сонсоод Математикчийг цаазлалгүй явуулсан байдаг бөгөөд Хаантан математикаар суралцаагүй гэдэг.
Өөрөөр хэлбэл суралцахын тулд маш их хичээх л ёстой хялбар, амархан англи хэл сурах арга, амархан программчилал сурах арга байхгүй. Тийм арга байсан бол хүн болгон сурах боломжтой. Хатуу бэрх, уйгагүй сахилга бат, хичээл зүтгэлийн ард амжилттай, мэдлэгтэй, чадвартай боловсон хүчин бий болдог.
Та лам нар яагаад үсээ хусаж даавуугаар биеэ ороодог талаар бодож байсан уу? Үүний шалтгаан нь лам нар нь орчлонгийн талаар бүх зүйлийг танин мэдэхэд илүү их цагийг зарцуулах үүднээс өөрийн гоо үзэсгэлэн, хувцас, эд зүйлд зарцуулах цагаа багасгах гэж ингэж хувцаслаж үсээ хусдаг байна.
Үүнтэй нэгэн адил FACEBOOK-ийг үндэслэгч МАРК ЗҮҮКЛБЕРГ өдөр бүр нэгэн ижил жинсэн өмд, фодвалк өмсдөг. Энэ нь хувцас сонголт, худалдан авах зэрэгт аль болох бага цаг зарцуулж өөртөө олдож байгаа илүү цагаа илүү ихийг сурч мэдэх, ирээдүйн зорилго мөрөөдлөө биелүүлэхэд зарцуулдаг. Үүнээс манай залуучууд нэгийг тунгааж хэрэгжүүлэх хэрэгтэй.
Бага цаг зарцуулаад маш их зүйл суралцах боломжгүй. Маш их цагийг уншиж, бодож, бичиж тэмдэглэхэд зарцуулж байж л мэдлэгийг өөртөө шингээдэг. Хэсэг хугацаанд хичээгээд буцаад орхиод, шаардлагатай үед нь эхэлчихээд бусад үед нь хаяад нэгэн хэвийн урсгалаараа яваад байвал өндөр мэдлэг чадвартай болох боломжгүй.
Маш их цагаар суралцахын тулд суралцах орчин хамгийн их нөлөөтэй байдаг.
Чимээ шуугиан ихтэй нөхцөлд таны анхаарал төвлөрөх нь юу л бол. Олон нийтийн эсвэл PC тоглоомын газарт суралцана гэвэл маш хэцүү заавал сургалтын чимээгүй орчин эсвэл бусад хүмүүс суралцаж буй орчинд суралцах хэрэгтэй. Аль болох олон цагаар таатай, бусад хүмүүс сатааруулахгүй, бусад хүмүүст саад болохгүй тийм орчинд их цагаар суралцаж байж л тэр хүн өндөр бүтээмжтэй их мэдлэг олж авах боломжтой.
Суралцах гэдэг бол маш хэцүү зүйл маш их энерги зарцуулдаг байгаа. Нэг цаг хөдөлмөрлөх, кино үзэх, тоглохоос илүү их энергийг суралцахад зарцуулдаг. Амархан ядардаг, залхдаг, төвөгтэй санагддаг, уур ч хүрдэг. Гэсэн ч чи үүнийг хийх ёстой. Сахилга бат, тэсвэр тэвчээрийг өөртөө суулгах хэрэгтэй. Үүнийг бүрдүүлэх итгэлийг багш, сургалтын орчин, хамт суралцаж буй найз нөхөд, ирээдүйн мөрөөдөл тэмүүлэх хүсэл тэмүүлэл чинь чамд бий болгож, тэжээж тэтгэж өгдөг.
Ямар хүн болох вэ? гэдгээ чи өөрөө л тодорхойлно. Багаасаа залхуу, арчаагүй, сул дорой байх юм бол ирээдүйд гэнэт хичээнгүй шаргуу өндөр мэдлэгтэй чадварлаг болно гэж байхгүй. Алхам алхмаар л суралцаж мэдлэг чадвараа хөгжүүлж сахилга баттай, хариуцлагатай, шаргуу суралцаж байж л өндөр мэдлэг чадвартай болно. Хүүхэд бүр шууд уншдаггүйн адил А үсгээ эхнээс нь заалган, эхлээд үсэглэж уншаад яваандаа дуржиганатал хурдан уншиж сурдаг. Яг л үүнтэй адилхан.
Хүний бие физиологи бага насандаа илүү биологийн чадвар нь өндөр байдаг. Ой тогтоох, суралцах, өөрийгөө нөхөн сэргээх чадвар залуу хүмүүсийн хувьд өндөр настай хүмүүсээс хурдан байдаг. Залуу хүн илүү хурдан хүч тэнхээ ордог бол өндөр настай хүн бол эсрэгээрээ залуу хүн илүү хурдан суралцдаг бол хөгшин хүн эсрэгээрээ байдаг. Тийм учраас дэлхий нийтээрээ бага насанд нь бүхий л танин мэдэхүйн мэдлэг шинжлэх ухааныг судлуулдаг. Хөгшрөөд 50, 60 хүрсэн хойноо суралцахад боломжгүй биш ч маш хүнд байх болно. Одоо бага залуу насандаа л өөрийгөө зөв дадал туршлагатай өндөр мэдлэг чадвартай болгоход бүрэн хүчээ зарцуулах хэрэгтэй.
Нэгэнт чи өндөр чадвар, мэдлэгтэй болох дадал зуршлыг өөртөө суулгаж чадахын бол чи үүнийгээ хэзээ ч хаях, орхих боломжгүй насан туршид чинь чамтай хамт байж бусдаас илүү амжилттай аз жаргалтайгаар амьдрахад тань туслах хамгийн том хүчийг өгөх болно.
Таны ирээдүйд ар араасаа цуврах олон олон амжилтыг хүсэн ерөөе.
“АМЖИЛТ КИБЕР ” сургуулийн захирал Ж.ШИЖИР

© 2021 он. Амжилт кибер сургууль

Вэб бүтээсэн Том-Амжилт ХХК